Ардчиллын бартаат замаар…

Опубликовано в

Энэ 2021 онд Монголчууд бид Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэж байна. Эхний 70 жилийг төвлөрсөн эдийн засаг, нэг намын үзэл суртлаар, сүүлийн 30 жилийг зах зээлийн эдийн засаг, ардчилсан, олон ургалч үзэл санаагаар амьдарч ирлээ.

Гучин жилийн өмнө хойд хөршөөс бүрэн хамааралтай байсан эдийн засаг, улс төрийн систем нуран унасан. Улс даяар хүнсний талоны систем тогтов. Иргэд гадаадад явах эрхтэй болж, ганзгын наймаа дэлгэрч эхлэв. Анхны ардчилсан төр засаг бүрдэж, хууль журмаа үндсээр нь өөрчилж хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилго тавив. Төр үйл ажиллагаандаа ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим барина. Дээр нь нийтийн болон хувийн өмчийн олон хэвшил бүхий эдийн засагтай, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалахаа зарлав.(Үндсэн хуулиас)

Тэгвэл бид ардчиллын энэ замаар явсаар хагас жарны дараа хаана ирчихээд байна вэ?  Хувь хүний болон эдийн засгийн эрх чөлөө, түүний баталгаа нь болсон хуулийн засаглал гэдэг тулгын гурван тулгуураа аль хэр чанартай босгоод байгаа билээ?

Хувь хүний эрх чөлөө

Ардчилал нь үгээ хэлэх эрх чөлөөнөөс эхэлдэг. Энэ эрх чөлөөгүй бол хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох сонгогдох эрх чөлөө байхгүй. Хаана амьдрах, хаашаа явах, ямар ажил хийхээ сонгох эрх чөлөө бол бүр боломжгүй. 1990 он хүртэл Монголчууд коммунист үзэл суртал, төр засгийн бодлогоос өөр үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжилсэн бол шийтгүүлж, ажлаасаа халагдаж, шоронд сууж, ор сураггүй алга болж байсан. Монголын төрийн хэд хэдэн тэргүүнийг Оросын коммунистууд цаазалж байлаа. Аймаг хотоосоо гарахдаа бүх хүн хаашаа, яагаад явахыг нь зөвшөөрсөн бичгийг албан газраасаа (томилолт), эсвэл хороо хориноосоо (зам явах) авч зорчдог байлаа.

Тэгвэл өнөөдөр энэхүү үгээ хэлэх эрх чөлөө Монголд эргэж буцалтгүй суурьшив. 2020 оны байдлаар манайд хэвлэл мэдээллийн 502 хэрэгсэл байна (Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээ). Гэвч эдгээр ХМХ-ийн 75 хувь нь улс төрчдийн өмч, мэдэлд оржээ.

Эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор Төрийн бус байгууллагын тухай хуулийг 1997 онд баталсан. 2018 оны байдлаар 17,685 ТББ улсад бүртгэгдсэний 8,578 нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна (Улсын Бүртгэлийн мэдээ). Гэвч “ТББ” гэх нэрийг улс төрийн намууд, шашны байгууллага төдийгүй ашгийн төлөөх хуулийн этгээд ч хавтгайруулан хэрэглэх болжээ. (ХЗДХЯ-ны мэдээ)

Сонгох, сонгогдох эрх байгаа боловч, улам бүр хумигдсаар байна. Төрийн эрхэнд байгаа улс төрийн нам, тэднийг санхүүжүүлдэг олигархууд, ХМХ-ийг өмчилсөн бүлэглэлүүдтэй хамтрах болсноор шударга өрсөлдөх боломж ямар ч бие даагчид олдохгүй болов. Аливаа сонгууль үзэл бодлын биш, мөнгөний өрсөлдөөн болжээ. Сонгогчдын саналыг ил далдаар худалдан авдаг зуршил тогтлоо. Төлөвлөж байсан төлөөллийн ардчилал маань ардчилсан дарангуйлал (демократура) болчихоод байна. Саналыг машинаар тоолдог болсноор гараар тоолохоос хурдан, хялбар болсон гэж үздэг боловч програмыг нь өөрчилдөг гэх маргаан эдүгээ ид өрнөж байна.

Эрх чөлөөгөө эргүүлэн сэргээхийн тулд манайд ХМХ шууд ба шууд бусаар эзэмшихийг улс төрийн албан тушаалтнуудад хориглох, улс төрийн намууд дотор ТББ ажиллуулахыг зогсоох, сонгуулийг блокчэйн технологиор явуулах шаардлагатай байна. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, төрийн холбоотой бүх байгууллагын ажиллагсад, төсвийн мөнгийг сонгуулийн сурталчилгаанд зориулахыг зогсоох хэрэгтэй.

Эдийн засгийн эрх чөлөө

Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь чөлөөт зах зээл, чөлөөт үнээс эхэлдэг. Чөлөөт үнэ л чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлж хэрэглэгчид хамгийн шударгаар үйлчилдэг. Чөлөөт өрсөлдөөнийг алга болгосноор урт хугацаандаа монополийг дэмжиж, нийлүүлэлтийн суваг, хэмжээ, чанар буурдаг. Аливаа бизнес мэдээж хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд болон байгаль орчинд хор нөлөөгүй явах ёстой.

Гэтэл Монгол Улсад гол нэр төрлийн барааны үнийг төрөөс хянаж, барьсаар. Улаанбуудайн тариалалтыг хөнгөлөлттэй зээлээр дэмжих замаар гурилын үнийг, төвлөрүүлэн нөөцлөх замаар махны үнийг төрөөс зохицуулдаг. Түлш шатахуун, ус, нийтийн тээвэр, цахилгааны үнийг мөн хязгаарлаж, зохицуулсаар байна. Ахуйн хэрэглэгчид 1квт.цаг цахилгааныг (9.2 цент) өөрийн өртгөөс (6.4 цент) нь 30 хувиар доогуур борлуулж байна. Олон жил ингэж явснаар дотооддоо эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмж чадахгүй байна. 2020 онд дотооддоо 7.1 тэрбум квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, хоёр хөршөөсөө нэмж 1.7 тэрбумыг импортолжээ. (ЭХЗХ-ны мэдээ)

Эдийн засагт төрийн оролцоо улам нэмэгдсээр байгаа нь өсөлтийг хязгаарлаж байна. Хувийн хэвшил хийж болох үйл ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газар байгуулах замаар зэрэгцэн явуулах нь хэвийн үзэгдэл болов. Хамгийн сүүлчийн буюу 2016 оны тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит 43 үйлдвэр, 3 банк, хувьцаат (нэрэн дээрээ) 49, төрийн өмчийн оролцоотой 9, ХХК 13 байгаа бөгөөд нийт хөрөнгө нь 30 их наяд төгрөгөөр (ЗГХЭГ-ын мэдээ) буюу тухайн жилийн ДНБ-тэй тэнцүү байна. 2019 оны байдлаар тэдгээрийн 30 хувь нь алдагдалтай ажилласан. Ашигтай ажилласан нь ногдол ашгаараа 155 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулжээ. ТӨК-ийн удирдлагын дундаж цалин улсын дунджаас 50 хувиар дээгүүр байна.

Эдийн засгийн шударга өрсөлдөөн хязгаарлагдаж буйн бас нэг шалтгаан бол төр засгийн удирдлагад том хөрөнгөтөн, бизнестэй хүмүүс орж ажиллан хууль тогтоож, хэрэгжүүлж, монополь тогтоож ирсэнтэй холбоотой. Мөн төрийн худалдан авалт дээр тендэр зарладаг боловч, борлуулалт дээр (зэс, нүүрс, алт) тендэр зарладаггүй учир түшмэдийн бүлэглэл борлуулалтын монополь тогтоож, тонн тутмаас тодорхой шагнал хувааж авдаг систем бүрджээ.

Нийгмийн халамжийг хавтгайруулан олгож байгаа нь бага орлоготой иргэдийн ажил хийх сонирхлыг сааруулах боллоо. Хүмүүс хүүхдийн мөнгө, одон медаль, бусад нэмэгдэл хөнгөлөлт гэх мэтээр сардаа 500 мянган төгрөг авах нь хол зайтай газар нийтийн унаанд түгжирч ажилдаа ирж, очин 600 мянган төгрөг авснаас илүү гэж үзэх болжээ.

Төрийн зардал нэмэгдэж, төсөв алдагдалтай гарахаар бүх төрлийн татварыг зугуухан нэмдэг зуршил тогтов. Татвар нэмэгдэх тусам хувийн хэвшил бизнесээ өргөтгөх сонирхол буурсаар. Нийгмийн даатгалын шимтгэлд хувь хүний цалингаас 12.5, ажил олгогчоос 13.5 хувийг албадан авдаг. Мөн жил бүр өссөөр байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (эдүгээ сард 420 мянган төгрөг) зэрэг нь нийлээд ажил олгогчдыг хүн ажиллуулахаас халшрахад хүргэв. Тэгээд ч нийгмийн даатгалын систем нь өрөндөө баригдаж дампуураад байна. Монгол Улсын хөдөлмөр эрхэлж буй 1.1 сая хүний 48 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. 2020 оны байдлаар Монголд нийт 132 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 98 мянга нь X тайлан гаргадаг буюу үйл ажиллагаа явуулдаггүй болжээ. 2020 оны эхний улиралд ажилгүйдлийн тоо 4.5 хувиар буурсан гэх боловч, ажилгүйдлийн даатгалын сангийн зарцуулалт мөн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч багассаар буйн шалтгаан нь ажлын байрны шаардлага хангах чадвартай нь бага, цалин хэт доогуур, халамж хавтгайрсантай холбоотой.

Хуулийн засаглал

Хуулийн засаглал тодорхой бүлэглэлд үйлчилж, шүүх нь захиалгаар ажиллаж байна. Шүүх засаглалыг улс төрийн өрсөлдөгчөө намнах зэвсэг болгосон тул “шударга бусын хонгил” гэдэг нэр томьёо нийгмийн ухамсарт хэвшиж байна. Авлигын олон зуун хэргийг тогтоогоод АТГ-аас шүүхэд шилжүүлдэг ч, прокурор хэрэгсэхгүй болгодог, эсвэл дахин мөрдөн байцаалтад буцаасаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг болов. Мөн өршөөлийн хууль гэгчээр гэмт хэрэгтнүүдийг цагаатгах болов.

Шүүгчдийг Ерөнхийлөгчийн илүү оролцоотой томилж ирсэн бол саяын Үндсэн хуулийн шинэчлэлтээр УИХ болон шүүгчид, олон нийтийн түлхүү оролцоотой болгож буй нь ялсан намд илүү эрх өглөө гэсэн шүүмжлэл дагуулах болов.

Эрх барьж буй МАН-ын удирдлага 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө төрийн албан тушаалуудыг эрэмбэлэн борлуулж 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөгөө Ерөнхий сайд, намын даргадаа танилцуулж буй бичлэг нийтэд задарсан ч, өдийг хүртэл хэнд ч хариуцлага тооцоогүй. Төрийн албан тушаал, тендэр, гадаадад суух томилолт бүгд л зарагдах болсон.

ЖДҮ-ийг дэмжих гурван хувийн хөнгөлөлттэй (банкны зээл 20 хувь) зээлийг МАН-ын УИХ-ын гишүүдийн хагас буюу гучаад нь өөрийн болон холбоотой компанид авсан ч 3 гишүүнээс бусад нь хариуцлага хүлээсэнгүй, зарим нь УИХ-д улиран сонгогдоод сууж байна.

Товчоор хэлбэл, хуулийн биш хуулиас дээгүүр хувь хүний болон улс төрийн намын засаглал Монголд үйлчлэх боллоо. Үр дүнд нь авлига газар авч иргэд төр засагтаа итгэх нь буурсаар, олноороо гадаад оронд илүү сайн ажил, сайхан амьдрал хайх, суурьших болов.

Нобелийн Энхтайвны шагналт Хатагтай Аун Сан Су Чи 2013 онд Монголд ирээд “дүр исгэсэн ардчилал нь дарангуйллаас хортой” гэж хэлснийг эргэн санахад илүүдэхгүй болов. Ардчиллын зөв боловч, бартаат замаар алдан онон хагас жарныг туулаад ирсэн Монголчууд бид дүр исгэсэн биш, жинхэнэ ардчиллыг байгуулж чадна.  

2021.05.27

www.jargaldefacto.com